Олон үндэстний хоол




Япон үндэстний хоол
Японд цагаан будааг их төлөв дангаар өгдөг. Энэ үед үндэсний хоолны хэрэглэл болох савхаар идэх ба харин цагаан будааг чанамал жимсний хольцтой өгвөл сэрээ, шингэн агшаамал маягаар өгвөл халбагаар иддэг.
Тэдний хамгийн хүндтэй зочиндоо барьдаг хоолны нэг бол ногоон тунхуугаар хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм.
Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавиастай байдаг. Япончууд хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа, эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна. Ширээн дээр мөн бусад аяга, тавагнууд байна.
Хэрчсэн гурилтай хоол нь Японы хамгийн түгээмэл хоолонд тооцогддог. Заримдаа түүнийг цагаан будааны оронд ч хэрэглэх үе байдаг. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны бүгчим халуун өдөр цуутай гурил, хүйтэн хоол нь үдийн сайхан зоог болно.
Япончуудын хамгийн дуртай ундаа бол ногоон цай юм. Уг цайг дангаар нь халуунаар нь уудаг.

Солонгос үндэстний хоол

Солонгосын хоол, гал тогоо нь олон шинж төлөвөөр хятадтай ойролцоо юм. Их төлөв гахай, шувуу, загасны махыг голчлон хэрэглэдэг бол хоол, хүнсний хэрэглээнд цагаан будаа, шар буурцаг, өндөг, хүнсний төрөл бүрийн ногоо, далайн хүнсний бүтээгдэхүүн тодорхой байр эзэлнэ. Хоол амтлахад олон төрлийн ааг амттан, халуун ногоог ашигладаг.
Солонгос үндэсний алдартай хоол амтлагч бол “кимчи” юм. Энэ нь олон төрлийн витамин болон минералуудаар баялаг. Барууныхны өргөн хэрэглэдэг солонгос хоолны нэг нь “Галби”, “Булгоги” юм. Галби гэж үхрийн махыг нүүрсний галаар шарж болгосон хоолыг нэрлэдэг. Олон нийтийн хэрэглэдэг хоол гэвэл “Бибимбап”, “Доёжанжийгүү”, “Самгиетан” юм.
Солонгосчууд япончуудтай нэг адил савх хэрэглэдэг ба хоолонд нь нэлээд хэмжээний сүмс, цуу зэрэг орох байдаг. Сүмс болон цууг савласан савнаас нь шууд хоолны махан дээр дусаах маягаар хэрэглэх ба ногоон дэаэр дусаадаггүй. Мөн сүмс ба цууны үлдэгдлийг талх болон гурилан бүтээгдэхүүнээр авдаггүй.

Хятад үндэсний хоол

Хятадууд хоолыг бараг чанаж болгодоггүй. Гол нь ууранд болон усанд бага зэрэг жигнэх, тосонд баахна шарах зэргээр хоолыг болгодог. Хоол хүнсэндээ голчлон гахай, шувууны мах, шинэ болон нөөшилсөн хүнсний ногоо, өндөг, загас, цагаан будаа зэргийг хэрэглэдэг.
Хятадууд хоолондоо үйсүү, хуажуу, цагаан гаа, сармис, сонгино, шанц, лиш, шар буурцгийн сүмс, нухаш зэрэг ааг амттан, халуун ногоог өргөн хэрэглэнэ. Тэд нэгэнт бэлэн болгосон хоолоороо зочдоо маш түргэн хугацаанд тэр дор нь үйлчилдэг. Хар талх хэрэглэж заншаагүй буюу иддэггүй. Цагаан талхны оронд мантуу хэрэглэдэг.
Тэд аливаа хоолны махыг ширхгийн дагуу нимгэн хавтгай зүсэж, ургамлын тосонд хийж өнгө борлуулдаг нь хоол амттай, түргэн болох нөхцлийг бүрдүүлнэ.
Шөлтэй хоолыг их төлөв ваартай өгөх ба ингэж өгч буй тохиолдолд та хүсэж байвал гараар барин ууж болно. Манжинтай шанцай болон бусад төрлийн зуушийг Хятад зоогийн газарт бол савх хэрэглэх бөгөөд банш, хачиратй гахайн махан шорлог зэргийг сүмс болон цуунд дүрэн зооглож болдог.

Энэтхэг үндэстний хоол

Энэтхэг орны хүн амын зонхилох хэсэг нь махыг маш бага хэрэглэдэг. Энэтхэгчүүд үхрийн махыг шашны зан үйлээс улбаалж түүнийг алж хороодоггүй буюу махыг нь иддэггүй. Цагаан будаа, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн цагаан идээ, өндөг, ургамлын тос зэргийг харин ихээр хэрэглэдэг ард түмэн юм.
Энэтхэгчүүдийн дунд хамгийн их хэрэглэдэг хоолны амт оруулагч нь “карри” юм. Тэр нь хар, улаан чинжүү, цагаан гаа, шанц, самар, гич, сармис, сонгино, улаан лооль, бүйлс зэргийн хольц юм. Энэ амт оруулагч нь хонины облон шувуу, загасны мах, төмс, хүнсний ногоогоор хийсэн хоолнуудын гол бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэтхэгчүүд ихэнх махтай хоолоо “массала” гэдэг хурц улаан сүмстэйгээр хэрэглэдэг. Цагаан будаатай шөлийг нэлээд хэсэг нь хэрэглэдэг. Тэд аагтай чанасан, халуун цайг сүүтэй уух дуртай.
Энэтхэгчүүд ногооны рагу зэрэг хоолыг гараар барьж идэх явдал байдаг ба хоолны араас нь тусгай аяганд нимбэгний шүүс өгдөг. Энэ шүүсэнд зөвхөн гараа дүрэх маягаар гартаа буй тосыг арилгана.

Орос үндэстний хоол

Орос үндэсний хоолонд гол байр эзэлдэг шөлтэй хоол нь нэр төрөл олон, өвөрмөц амт, илчлэг ихтэйгээр алдартай. Байцаатай, хүрэн манжинтай болон давсалсан хэмхтэй шөл Оросын хүн амын дотор хамгийн их хэрэглэгддэг хоолны нэг юм. Шөлтэй хоолыг чанаж бэлтгэнэ. Хоолондоо хурц ааг амттан бага хэрэглэдэг.
Орос үндэстний дээр үеэс хэрэглэж заншсан хүнсний нэг гол бүтээгдэхүүн нь гурил, будаа, талх, нарийн боов юм. Махыг ихэвчлэн өөрийнх нь шүүс болон сүмсэд жигнэж, харин шарахдаа том хэсгээр нь, шувууг бүтнээр нь шардаг.
Орос маягийн зоогт зуун грамм буюу спиртийн төрлийн ундаа орсон байдаг. Харин шөлтэй хоолны араас даруулах маягаар зуун грамм огт хэрэглэдэггүй.
Гурилан бүтээгдэхүүнээс бялуу болон пирог зоог баривал нийтийн дунд тэдгээр амттаныг тавьсан бол хавчаар мэт хоолын тоноглолыг ашиглан өөрийн тавганд тавин бялууг хутга сэрээгээр, пирожен буюу амтат боовыг зориулалтын сэрээгээр, харин амархан үйрдэг мөртөө хатуу амтат боовыг гараар браьж идэж болдог. Хэрэв амтат боов нь дундаа чанамал жимс болон бусда амттантай хийгдсэн байвал мөн адил гараар барин зооглож болох ба печенийг хэсэглэн хугалж иднэ.

Герман үндэстний хоол

Герман хоолонд жигнэж болгосон исгэлэн байцааны хачиртай зайдас, май загас, гахайн шийр, торой, тугал, үхэр, гэрийн тэжээмэл болон зэрлэг шувуу, загасны мах ба түүнчлэн төрөл бүрийн ногоо, ялангуяа төмс, байцаа ордог.
Германчууд зутан буюу тунгалаг шөл, сүүтэй кофег өргөн хэрэглэдэг.
Бүх хоёрдугаар хоол, амтат зуушийг хутга сэрээ хэрэглэх ба хутгаар хооллох үедээ дэм өгөх явдлыг герман зоогийн дэгт зөвшөөрдөг. Бяслаг болон цөцгийг нийтийн цар дээрээс талхны хутгаар талхны тавгийн баруун өнцөгт тавин талхаа дүрэх маягаар иднэ. Давтсан махан хоолыг хутгаар махны ширхэгийн дагуу хэрчвэл хялбар байх болно.

No comments:

Post a Comment